
SOOKMYUNG UNVERSITY
Сүгмён Эмэгтэйчүүдийн Их Сургууль нь зуу гаруй жилийн баялаг түүхтэй, Өмнөд Солонгосын боловсролын салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг тодорхойлогч тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Анх 1906 онд Солонгосын хааны гэр бүлийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээний анхны эмэгтэйчүүдийн хувийн дээд сургууль болон шав тавьж байсан түүхтэй. Сургуулийн нэр нь төлөв даруу бөгөөд ухаалаг, алсын хараатай эмэгтэй хүнийг бэлтгэх гэсэн гүн гүнзгий утгыг агуулдаг бөгөөд өдгөө дэлхийн түвшний боловсролыг олгохыг зорин ажиллаж байна. Оюутнуудын дунд сургуулийн бэлгэдэл болох цасны ширхэгхэн буюу “Нүүнсони” (Noonsongi) хэмээх маскот (бэлгэдэлт дүр) нь маш их хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг нь сургуулийн уур амьсгалыг илүү дотно, залуулаг болгодог.
Эрдэм шинжилгээ, сургалтын чанарын хувьд Сүгмён нь хүмүүнлэг, нийгмийн ухаанаас гадна байгалийн ухаан, орчин үеийн инженерчлэлийн салбарыг хослуулсан цогц хөтөлбөртэй. Ялангуяа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тэнхим болон сэтгэл судлалын чиглэл нь улсдаа дээгүүрт жагсдаг, өндөр босготойд тооцогддог. Мөн уламжлалт хүчирхэг салбар болох Эм зүйн сургууль нь тус улсын эрүүл мэндийн салбарт маш олон шилдэг мэргэжилтнүүдийг төрүүлсэн агуу түүхтэй. Сүүлийн жилүүдэд тус сургууль технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, Хиймэл оюун ухаан, Дата Сайнс болон мэдээлэл холбооны технологийн чиглэлээр шинэ сургууль, тэнхимүүдийг байгуулан, улсаас том хэмжээний хөрөнгө оруулалт авч, инженер бүсгүйчүүдийг бэлтгэхэд онцгойлон анхаарах болсон.
![INTERVIEW] Sookmyung Women's University embraces K-culture, diversity for global growth - The Korea Times](https://newsimg.koreatimes.co.kr/2025/05/20/a94bb457-72bf-47b7-8b87-62ea540c8b09.jpg?w=728)
Гадаад оюутнууд болон олон улсын харилцаанд сонирхолтой залууст зориулсан Глобал үйлчилгээний сургууль нь бүх хичээлээ зуун хувь англи хэл дээр ордог сургалтын өвөрмөц орчныг бүрдүүлсэн. Олон улсын сургуулиудтай хамтарсан хос дипломын хөтөлбөрүүд нь оюутнуудад Сөүлд суралцангаа дэлхийн өөр нэгэн нэр хүндтэй сургуулийн дипломтой төгсөх алтан боломжийг олгодог. Үүнээс гадна Сүгмён нь эмэгтэйчүүдийн их сургуулиуд дундаас хамгийн анх удаа Оюутны цэргийн сургалтын корпусыг байгуулж байсан нь тэднийг нийгмийн бүхий л салбарт хэвшмэл ойлголтыг эвдэж, анхдагч байж чаддагийг илтгэдэг юм.



